Сэтгэл судлал
Сэтгэл судлал, өөрөөр Психологи гэдэг нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хамгийн өргөн хэрэглэдэг. Сэтгэл судлалын чиглэлээр суралцан баклаврын зэрэг эзэмшин улмаар сэтгэл судлалын аль нэгэн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнийг сэтгэл судлаач болон сэтгэлзүйч гэдэг. Сэтгэл судлал нь хүний зан үйл, сэтгэцийн шинж, байдал, үйл явцууд, ухамсарын нарийнүйлдэлүүд болох сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй, хүмүүс харилцаа зэргийг судалдаг юм. Мөн зарим сэтгэл судлаачид ухамсаргүй зан үйлийг судалдаг. Сэтгэл судлал нь хүний сэтгэл зүйн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэлзүйн мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн сэтгэцийн аливаа асуудалд жишээ нь стресс гэх мэт хүний амьдралын өдөр тутмын олон талт үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Тиймээс ч нэг талаас хүн бүр сэтгэлзүйч байдаг. Сэтгэл судлал хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр, байгууллага хамт олны зан үйл, хэвлэл мэдээлэл, хууль эрх зүй, сэтгэлзүйн оношлогоо, сэтгэлзүйн тест, харьцуулсан сэтгэл судлал гэх мэт салбар шинжлэх ухаануудтай.
Түүх
Сэтгэл судлалыг хамгийн хөгшин бөгөөд хаимгийн залуу шинжлэх ухаан гэж үздэг. нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна.
Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлагагүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагагүй.
Психоанализ
Австрийн эмч Зигмунд Фрейд (зөв дуудлага нь Фройд) 1890 оноос эхлэн 1939 онд өөд болох хүртлээ сэтгэл заслын арга буюу психоанализыг хөгжүүлжээ. Фрейд оюун санааг клиникийн ажиглалт, өөрийгөө шинжих болон тайлбарын арга дээр үндэслэн танин мэдэж байсан бөгөөд хүний ухамсаргүй үйлдэл, истери, психопатологи буюу сэтгэцийн эмгэг дээр гол судалгаагаа төвлөрүүлсэн байна. Түүний дэвшүүлсэн бэлгийн харилцааны болоод дарангуйлах сэтгэл зүй, ухамсаргүй оюун санааны үйлдлийн тухай онол нь ихэд нэрд гарч сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм. Фрейд тухайн үедээ хаалттай сэдэвт тооцогдож байсан асуудлуудыг хөндөн гаргаж тэдгээрийг нийгэмд ил тод хөндөж болох онолын нотолгоог гаргаж тавьсан билээ. Мөн сэтгэл зүйн эмчилгээний хүрээнд чөлөөт харилцааны аргын эхлэлийг тавьжээ.
Швейцарийн сэтгэл мэдрэлийн эмч Карл Юнгийн аналитик сэтгэл судлалд Фрейдийн судалгаа нөлөөлсөн байдаг. 20-р зууны дунд үед Зигмунд Фрейдын охин Анна Фрейд, Америкийн сэтгэл судлаач Эрик Эриксон, Австри-Английн психоаналист Мэлани Клайн, Английн психоаналист, физикч Виникот зэрэг нэрт судлаачид төрөн гарсан юм. 20-р зуунд психоанализ олон төрөл зүйл болон өргөжсөн бөгөөд тэдгээрийг ихэвчлэн Нео Фрейд урсгал хэмээдэг.
Карл Поппер тэргүүтэй философичид мөн Ханс Айзенк, Скиннер зэрэг сэтгэл судлаачид психоаналитик онол, эмчилгээг шүүмжлэх болсон юм. Скиннер болон зарим бихевиористууд сэтгэл судлалыг психоанализтай харьцуулахад илүү эмпирик, үр дүнтэй гэж үзэж байсан ч цаг хугацааны явцад Фрейдын дэвшүүлсэн олон санааг хүлээн зөвшөөрчээ.
Xүн бол өөрөө философи юм.
No comments:
Post a Comment